НИТХ-ын 2016 оны долдугаар сарын 6-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаас Нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны долдугаар сарын 6-ний өдөр захирамж гаргаж, С.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэхь даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс тамгаа гардаж авлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан бөгөөд Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн өнөөгийн байдлын мэдээ болон өнөө жил нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дарга нарын эрх мэдэл, үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг бид нэг цэгт төвлөрүүлсэн нь нийслэлийн иргэдийн хамгийн их талархан хүлээн авсан ажил болсон. Тиймээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлж, улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай “ гэсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжүүлэхийг хүсээд, НЗДТГазар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авсан С.Батболд, “Төрийн алба бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Та биднийг Үндэсий их баяр наадам, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах гэх мэт томоохон ажлууд хүлээж байна. Тиймээс төрийн албыг нэг хором ч тасалдуулагүйгээр цааш үргэлжлүүлэн явуулахыг та бүхнээс хүсэж байна. Монгол төрийн өлмий бат оршиж, Нийслэл Улаанбаатар хот маань улам цэцэглэн хөгжих болтугай” хэмээлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.