Солонгосыг удирдах магадлалтай Мүн Жэ Ин гэж хэн бэ

Солонгосыг удирдах магадлалтай Мүн Жэ Ин  гэж хэн бэ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход тав хоног үлдлээ. Тэгвэл сонгууль угтсан сүүлийн үеийн санал асуулгад Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин илт давуугаар тэргүүлж эхэлсэн. Тодруулбал, БНСУ-ын хувийн хэвшлийн судалгааны байгууллага “real meter”-ын өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд явуулсан санал асуулгад Мүн Жэ Ин 42.6 хувийн саналаар тэргүүлсэн байна. Харин түүний хүчтэй өрсөлдөгч Ардын намаас нэр дэвшигч Ан Чёл Сү 20.9 хувийн дэмжлэг хүлээсэн билээ. Ийнхүү хамгийн өндөр рейтингтэй, БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох магадлалтай Мүн Жэ Ин гэж чухам хэн бэ.

Мүн Жэ Ин 1953 оны арванхоёрдугаар сарын 22-нд Өмнөд Солонгос улсын Коджедо аралд  таван хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний эцгийг Мүн Ён Хюн, харин ээжийг нь Кан Хан Ок гэдэг бөгөөд тэд 1950 онд Солонгосын хойг дайны хөлд нэрвэгдэх үед БНАСАУ-ын Өмнөд Хамгён аймгаас АНУ-ын “MEREDITH VICTORY” гэх ачааны хөлөг онгоцонд сууж, Коджедо арал руу дүрвэн ирсэн цагаачдын нэг байсан гэдэг.

Тэдний гэр бүл Коджедод суурьшиж, эцэг нь “Geoje POW Camp” үйлдвэрт ажиллах болжээ.  Харин Өмнөд Солонгост дүрвэн ирж суурьшаад, гурав дахь өвөлтэйгөө золгохдоо анхны үрээ өлгийдөн авсан нь БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох магадлал туйлын өндөр яваа Мүн Жэ Ин байсан юм.

Удалгүй тэднийх Бусан хот руу нүүдэллэж, тэнд Жэ Ин “Кюннам” ахлам сургуульд суралцжээ. Мүн Ён Хюных туйлын ядуу зүдүү амьдралтай байсан гэдэг.  “Хангёл” сонинд бичсэнээр, эрдэнэ шишийн үрийг үдийн хоолондоо зооглодог байсан бөгөөд түүгээрээ бүтэн өдрөө даадаг байсан гэнэ. Үүгээр зогсохгүй сарын төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар хичээлийн танхимаасаа хөөгдөж байсан удаатай аж. Жэ Ин ахлах сургуулиа төгссөний дараа “Кюнхэ” их сургуульд хуулийн чиглэлээр дэвшин суралцсан байна.

Гэвч, 1975 онд хэрэг мандах нь тэр. Тухайн үед их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж байсан Мүн Жэ Ин  Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг Ардчилсан хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар баривчлагдан хоригдож байжээ. Тухайн үед БНСУ-ын Ерөнхийлөгчөөр эдүгээ хэд хэдэн хэрэгт буруутгагдан хоригдож буй экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эцэг Пак Чун Хе ажилладаг байв. Пак Чун Хег дарангуйлагч байсан гэж тодорхойлох нэгэн байдаг ч, БНСУ-ын өнөөгийн хөгжлийн эхлэлийг тавьсан гэж үнэлэх хүмүүс олон байдаг юм. Харин тухайн үед түүний дэглэмийг эсэргүүцсэн Ардчиллын төлөөх хөдөлгөөний дараа  Мүн Жэ Ин баривчлагдан, Сөүлийн шоронд хоригдох болжээ. Буруутгагдсан үндэслэл нь ч түүнийг их сургуулиасаа хөөгдөхөд хүргэсэн байна. Дараа нь тэр хүчээр шахам цэрэгт явж, тэндээ тусгай хүчинд багтаж чаджээ. Улмаар 1976 онд  Панмунжон тосгонд Хойд Солонгосын арми Өмнөд Солонгос буюу НҮБ-ын цэргүүдтэй мөргөлдөөн үүсгэхэд  тэнд томилогдсон тусгай хүчнийхний багт  Мүн Жэ Ин багтаж байжээ.

Тэрбээр 1978 онд цэргээс халагдсан. 1980 онд  дахин Кюн Хе их сургуулийг төгсчээ.  

Үүний дараа 1982 онд тухайн үед өмгөөлөгч байсан Ну Мү Хёньтой хамтран хуулийн компаниа байгуулж байсан гэдэг. 2002 оны арванхоёрдугаар сард түүний хамтран зүтгэгч Ну Мү Хён Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Жэ Ин Бусан дахь сонгуулийнх нь штабын даргаар ажиллаж байсан гэнэ. Харин Ну Мү Хён 2003 онд БНСУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа Мүн Ерөнхийлөгчийн тамгын газарт орж ажилласан байна. Харин 2009 онд Ну гэрийнхээ хойд талын ууланд очиж, амиа егүүтгэн нас барахад ч Мүн Жэ Ин хамтран зүтгэгчээ эцсийн замд нь үдэн, оршуулгын ёслолыг удирдаж байжээ.

Тэр бол БНСУ-ын 16 дахь Ерөнхийлөгч татвар, санхүүгийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч асан Ну Мү Хёны ойрын, дотны анд байсан юм. Харин эдүгээ тэрбээр өөрөө Ерөнхийлөгч болохоор нэр дэвшиж байгаа юм.

Түүний үхлийн дараа ч тэрбээр улстөрийн үйл хэргээ үргэлжлүүлсээр байсан гэдэг. 2011 оны есдүгээр сард “Инноваци ба хамтын ажиллагаа” компанийг үүсгэн байгуулж, төлөөлөгчөөр нь ажиллах болсон. Дараа жил нь буюу 2012 оны дөрөвдүгээр сард 19 дахь удаагийн бүх нийтийн сонгуулиар “Ардчилал эв нэгдлийн нам”-ыг үүсгэн байгуулж, нэр дэвшсэн байна. Ардчилсан нам дотооддоо эхний шатны сунгааг наймдугаар сарын 25-нд хийж, улс даяар 13 бүс нутгаас нэг нэг нэр дэвшигчийг тодруулжээ. Улмаар шийдвэрлэх шатны санал хураалтыг мөн оны есдүгээр сарын 16-нд товлосноор Мүн Жэ Ин 56.5 хувийн дэмжлэг хүлээж, “Ардчилсан нам”-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй болж байв.

Ингээд 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн сонгууль болоход Сэнүри намаас нэр дэвшигч Пак Гын Хетэй өрсөлдөн ялагдаж байжээ.

2016 оны дөрөвдүгээр сард болсон 20 дахь удаагийн бүх нийтийн сонгуульд тэр нэр дэвшээгүй. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан байдаг.

Тэр мөн гэрлэсэн, хоёр хүүхэдтэй. Ромын католик шашинтай гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.