УИХ дахь намын бүлгүүд уламжлалт ёсоор Төрийн ордонд хуралдлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Гэхдээ хуралдааны дараа хэвлэлийн хурал хийсэнгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдаж байгаад завсарласан. Дугаар шилжих мөчид буюу 17.00 цагт үргэлжлүүлж хуралдах тов гарсан байв.
Үдээс өмнөх хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэлж буйгаар үдээс хойшхи хуралдаанаар эдгээр төслүүдээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэгэхээр болсон аж.
Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон цаг үеийн зарим асуултад хариулт өглөө.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивыг МАН цуглуулаад эхэлсэн гэсэн мэдээлэл байна?
-Манай намын удирдах зөвлөл өнөөдөр /өчигдөр/ хуралдаж, сонгуулийн хандив цуглуулах Ажлын хэсгийн ахлагчаар би сонгогдсон. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хуулийн хугацаа болоогүй учир нэг ч удаа хуралдаагүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хандив гэж нэг ч төгрөг цуглуулаагүй. Бид хуулийн хүрээнд ажиллана.
-Валютын сангийн санхүүжилт хэзээ орж ирэх юм бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зарим зарцуулалт нь орж ирнэ гэсэн сураг байсан. Үнэн үү?
-Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 28-нд болно. Уг хурлаар санхүүжилт хэзээ орж ирэх эсэх шийдвэр гарна. Япон улсын зүгээс манайд 850 сая ам.долларын зээл олгохоор болсон. Үүнийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар төлөвлөөд байгаа. Харин Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад донор орнуудаас орж ирэх хөрөнгө санхүүг чухам ямар зориулалттай яаж зарцуулах вэ гэдгийг яриа хэлэлцээрийн үр дүнд шийднэ. Түүнээс биш Валютын сангийн мөнгө орж ирэхэд намын бүлэг хурлаараа яриад л тал, тал тийш нь хуваагаад авчих гээд байгаа юм байхгүй.
-Гурван төрлийн татварыг ирэх сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг хойшлуулах эсэх асуудлыг намын бүлгийн хурал дээр ярьж байгаа юу?
-Татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлчихлээ гэдэг шүүмжэл МАН-д ирж байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ яг үнэндээ татвар нэмэгдэх энэ асуудал олонхид хүрч, хүндээр тусч байгаа асуудал биш. Татварын хуулийг маш сайн судлах ёстой. Мэдээж бид ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор татварын хуулийг нэг, хоёр сараар хойшлуулна гэвэл бид Валютын сангийн хөтөлбөргүй үлдэх ийм л нөхцөлд байна. Бид улс орныхоо эрх ашгийг бодсон зөв сонголт хийсэн.
Харин ард иргэд ойлгоосой гэж хүсч байна. Валютын сангаас тусламж авахын тулд татвар нэмэхээс өөр ямар ч сонголт, боломж алга. Хамгийн сүүлд л гэхэд 11 хувийн хүүтэй 750 сая ам.долларыг зээлж байсан. Тэгвэл сая зээлийн хүүг 8.75 гэж 10 оронтой тоо руу орууллаа. Энэ мэтчилэн арилжааны урт хугацаатай зээлийн хугацааг нь ихэсгэж, хүүг нь бага болгох арга замуудыг хайж байна.