АН Ерөнхийлөгчид өрсөлдөгчийг дотоод сонгуулиар шийднэ гэв

АН Ерөнхийлөгчид өрсөлдөгчийг дотоод сонгуулиар шийднэ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн өрсөлдөх вэ гэдэг нь энэ хаврын хамгийн халуухан сэдэв болоод буй. Парламентад суудалтай улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн эцсийн байдлаар тодроогүй ч дотоод өрсөлдөөн шат шатанд өрнөж эхлээд байгаа юм.

Тухайлбал, АН-аас Х.Баттулга, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нарын улстөрчид Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө ил далд илэрхийлж байгаа юм. Тэгвэл АН-ынхан ирэх сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчөө бүх гишүүдийнхээ санал асуулгаар тодруулахаар шийдэлд хүрчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ саналыг "Алтан гадас" фракцийн тэргүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гаргасан аж. Улмаар санал нь дэмжлэг авч, дотоод сонгуультай адилхан сунгаа явуулахаар шийдэлд хүрсэн юм байна. Мөн эдгээр горилогчид өчигдөр намын даргатай уулзсан бөгөөд Ерөнхийлөгчийн сунгаанаас Э.Бат-Үүл нэрээ татсан гэх мэдээлэл ч явж байгаа юм.

АН-ынхан 2016 оны УИХ-ын болон аймаг, орон нутгийн сонгуулийн их ялагдлын дараа намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгохоор болж сонгууль зохион байгуулсан ч дотроо зодолсоор байгаад тарцгаасан. Улмаар хэн илүү мөнгө тараасан нь ялалт байгуулсан гэх хардлага ч өнөө хэр бий. Фракци, фракцийн төлөөлөл хүмүүсээ өрсөлдүүлж, нэг нам таван тийшээ бутарч байлаа. Дараа нь ҮБХ-ны гишүүдээ ч мөн дотоод сонгууль явуулж сонгосон.

Мөн л хэдэн тийш тарж бутран хамгийн их мөнгө тараасан нь ялалт байгуулсан нь худлаа биш. Тэгвэл энэ удаад ч АН-ынхан мөн л хэдэн тийш тарж бутрах вий гэсэн болгоомжлол байгааг нуух юун. Энэ удаагийн өрсөлдөөнд мөн л фракци, фракцийн төлөөлөл өрсөлдөж байна. Тэр тусмаа “Алтан гадас” иймэрхүү дотоод сонгуулийн маргаанд гол үүрэгтэй байдаг учраас ялалт тэдний талд очих магадлал ч өндөр байгаа юм. 

Б.Тогтох 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.