Оффшор бүсэд байршуулсан мөнгөө гурван сарын дотор татах ёстой

Оффшор бүсэд байршуулсан мөнгөө гурван сарын дотор татах ёстой

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 13:40 минутад эхэлсэн юм. Энэ удаагийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар дэмжиж баталлаа.

Хэлэлуүүлгийн шатанд  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хууль батлагдсанаар хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт шинэчлэгдэх үү. Мөн хэн нэгний эхнэр нөхөр байсныхаа төлөө хариуцлага хүлээх болоод байна уу” хэмээн тодрууллаа. Үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “ХОМ-ын маягтыг шинэчлэх ажил хийгдэнэ. Оффшортой холбоотой хориг тавьж байгаа маань Панамын баримт бичигт манай улстөрчдийн нэр багтсантай холбоотой.

Түүнчлэн гэр бүлийнхнийг нь хуулинд хамруулна гэсэн байгаа. Ер нь ХОМ бөглөдөг 30 гаруй мянган албан тушаалтанд хуулийн хориглолт, хязгаарлалт үйлчилнэ.

Хэрэв энэхүү хуулийг зөрчсөн бол ажлаа өгөх, цаашилбал хангалттай нотлох баримт цугларсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай яригдана” гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Хуулийг даруй шийдээсэй гэсэн хүлээлт нийгэмд бий.

Гэхдээ АТГ баахан цаастай ноцолддог ажилтай болж байгаа юм биш биз. Хүмүүс ажилд томилогдож чаддаггүй байдалд хүрэх вий” хэмээв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, “17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна гэж хэвлэлээр бичээд байгаа. 10 тэрбум ам.долларын эдийн засагтай улсаас 17 тэрбум ам.доллар хэрхэн хилийн чанад руу гарсан байх вэ. Одоогийн нөхцөлд 20 сая төгрөгөөс дээшхи гүйлгээг хянадаг. Иймд өнгөрсөн 17 жилийн хугацаанд хэдэн төгрөг хэрхэн гадагш гарав гэдгийг судлах нь зөв.

Тус хууль батлагдвал гурван сарын дараа гэхэд оффшороос мөнгөө татах ёстой. Дараа нь 30 хоногийн дотор энэ тухайгаа мэдүүлэх үүрэгтэй” гэсэн тайлбар өглөө. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ хууль батлагдсанаар  Монголд мөнгө орж ирэх нөхцөл байдал үүсэхгүй. Сайн судалж, боловсруулж оруулж ирэхгүй бол дутуу дулимаг хууль гарах гэж байна шүү” хэмээн анхааруулж байлаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.