Долоо дахь удаагийн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

Долоо дахь удаагийн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал, Ардчилсан нам ес, МАХН нэг, бие даагч С.Жавхлан нар ялалт байгуулсан билээ. Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр анхдугаар чуулган нээлтээ хийж, шинэ парламентын гишүүд тангараг өргөлөө. Ерөнхийлөгч долдугаар Их Хурлын анхны чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. СЕХ УИХ-д сонгогдсон гэсэн гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Иймээс УИХ-ын анхдугаар чуулган хуралдуулахад бэлэн боллоо. Сонгуулийн ирц анх удаа өссөн дүнтэй гарсан.

Сонгуулийн дүн гарах үйл явцыг тойрог, нэр дэвшигч тус бүрээр шууд дамжуулж харуулсан нь иргэд сонгогчдын талархлыг хүлээсэн” гээд парламентын шинэ гишүүдэд хандаж, Хариуцлагын тухай хуулийг хэлэлцэх, мэргэжлийн Засгийн газар байгуулах, иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудыг тасалдалгүй хөгжүүлэх, нээлттэй, тууштай төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зэрэг анхаарал тавихыг сануулсан юм.  Шинэ парламентын хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын даргыг томилох тухай асуудал эрэмблэгдсэн юм. МАН шинэ парламентын бүрэлдэхүүний 65 суудлыг авсан тул УИХ-ын даргыг  намынхаа удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу нэрийг нь оруулж ирэх эрх эдлэв.

Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр намын дарга М.Энхболдыг нэрийг дэвшүүлж байгааг С.Бямбацогт уншиж танилцуулснаар гишүүдийн 86.8 хувийн саналаар дэмжигдлээ. УИХ-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үгээ хэлж, асуулт асуулаа.Тэрбээр “УИХ-ын гишүүн болсон бүх түшээддээ баяр хүргэе. Сонгуулийг амжилттай зохион байгуулсан СЕХ-ны нөхдүүдэд баярласнаа илэрхийлье. Сүүлийн жилүүдэд байхгүй тайван сонгууль болж өндөрлөлөө. 2004 онд будилаан, маргаан гарсан. 2008 онд бас маргаан гарсан. 2012 онд юу боллоо. Харин энэ удаад үнэхээр тайван, сайхан сонгууль боллоо. Түүнээс гадна би нэг зүйлийг хэлмээр байна. 

Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг аль ч үеийн парламентынхан битгий мартаарай гэдгийг 65 суудал авсан намынхаа нөхдөд зориуд захиж хэлмээр байна.  Тэгээд би СЕХ-ны нөхдөөс ганц л зүйл асуумаар байгаа юм.   Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн зүйл та бүхэн анзаарагдсан уу. Тийм бол тодорхой хариулж өгөөч” хэмээсэн юм. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Ойлгомжгүй зүйл, заалт маш олон байгаа. Тийм болохоор СЕХ-ноос энэ намартаа багтаад Сонгуулийн тухай хуулийг УИХ-д өргөн барина” хэмээн хариулсан юм. Улмаар гишүүд үг хэлэхэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчин байхдаа ярьж байсан асуудлуудаа ажил хэрэг болгоорой.

Монгол төрийн албыг тогтвортой тууштай явуулах хэрэгтэй. Энэ асуудал дээр УИХ-ын даргын зүгээс хяналт тавьж ажиллаарай. Төрийн албанд ажиллаж буй иргэдийнхээ ажлын байрны баталгаанд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр ипотекийн зээлээ сар бүр төлдөг олон мянган төрийн албан хаагч байгаа гэдгийг сануулмаар байна” гэлээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ”Намын дарга нь Засгийн газраа тэргүүлээд, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажилладаг жишиг байгаа. Тиймээс ч би Удирдах зөвлөлийнхөө шийдвэртэй санал нэгдэхгүй байна. Хамгийн гол нь нэг нүүртэй, амласандаа хүрдэг байх хэрэгтэй. Хэдий нэг нам ч шударга бус зүйлийг би хэлээд явна гэдгээ энд  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Засгийн газар бүрдүүлэх асуудал бидний өмнө тулгарч байна. Мэргэжлийн Засгийн газраа бүрдүүлээд явах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй байгаа хэний ч толгойг илж болохгүй. Давхар дээлээ тайлах  өмнөх санаачилгаа барьж ажиллахыг хүсье” гэв. Ийнхүү УИХ-ын даргын тамгыг М.Энхболд гардан авч, улмаар монголчуудад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр, “УИХ-ын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. УИХ-ын үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно. УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид УИХ-аас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд байгаад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна. Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана. Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй. Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно” хэмээлээ.

Ингэснээр шинэ парламентын анхдугаар чуулганыг түр завсар­луулж, дунд нь намын бүлгүүд хуралдаж бүлгийн дарга болон УИХ-ын дэд дарга нараа томилсны дараа хуралдахаар болов.

АН-ын бүлгийг С.Эрдэнэ, МАН-ын бүлгийг Д.Хаянхярваа даргална

Анхдугаар чуулганы дараа АН-ын дарга З.Энхболд УИХ-д сонгогдсон намынхаа гишүүдэд баяр хүргэж, Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулсан юм. Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон. Мөн тус намын зүгээс УИХ-ын дэд даргаар Я.Санжмятавыг томилох шийдвэр гаргав.

Харин МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонгосон юм. Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаан 17.30 цагаас гишүүдийн 82.9 хувийн ирцтэйгээр хуралдаж, УИХ дахь намын бүлгүүдийг баталж, мөн бүлгийн дарга нарыг баталлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгосон тухай танилцуулснаар эрх үүргээ хэрэгжүүлж эхэллээ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон тухай УИХ-ын дарга М.Энхболд танилцуулснаар бүлгийн эрх үүрэг нь хэрэгжиж эхэлсэн юм Харин УИХ-ын дэд дарга нарын хувьд МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр дэвшүүлснийг гишүүдийн 97.1 хувиар, Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг нэр дэвшүүлснийг гишүүдийн 95.8 хувиар тус бүр дэмжин баталсан юм.

Санал хураалтад нийт 72 гишүүн оролцсоноор чуулганы хуралдаан завсарлалаа. Намууд өчигдрөөс эхлэн албажиж, улмаар өнөөдрөөс эхлэн бүлэг доторхи томилгоогоо хийж, улсын төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөөллийг хуваарийн дагуу хэлэлцэх эхлэх нь ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.